Н.
Носов
“Зүгээр л тоглосон юм байхгүй юу”
Би
одоо ахимаг насны хүн болжээ. Хэдийгээр бүр эрүү өвдөг тулсан өвгөн биш ч гэлээ,
залуу зандан нас минь аль хэдийн өнгөрчээ. Харин санаа минь залуугаараа гэх юмуу
даа, хүүхдэд би жигтэйхэн хайртай, хүүхэд ахуй насаа дурсан санах
бүр ч их дуртай.
Нүдээ аньж суугаад өөрийгөө дөрөв таван
насны жаал хүү байснаар төсөөлөн бодьё. Би ээжийнхээ өмнө зогсон, ээж минь намайг
хувцаслаж байна. Гадаа салхинд гарч тогдлохоор явах гэж буй минь тэр. Гадаа гарч
тоглох гэдэг бол миний хувьд хорвоод хосгүй сайхан зүйл байлаа.
Ээж пальтоны минь бүх товчийг товчлон, дулаахан, ноосон
хүзүүний ороолтоор хүзүүг минь ороов. Надад тэр бүхэн яг л одоо болж байх шиг ээжийн
минь намуухан, зөөлөн дуу сонсдож, зөөлөн гар нь миний биед хүрэх шиг болно. Захыг
нь босгосон өвлийн зузаан пальто,
үстэй
малгай өмссөнөөс хөдөлж чадахгүй болоод, толгойгоо өөд нь болгон ээжийнхээ нүүрийг
харж чадахгүйгээс ч тэрүү,
харин
царай нэг л сайн санагдахгүй.
Хүзүүгий минь ороож өгөөд ээж минь
“Битгий хэтэрхий удаан тоглоорой, хашаанаас битгий гараарай, морь, машинд орчихно
шүү?” хэмээн захина. Нилээн дээр үе байсан болохоор
машинаас гадна морьтой улс зөндөө байдагсан.
Тиймээс ч хүүхдэд бол хашаанаас гудамжинд гарах, ялангуяа манайд ойрхон байсан
гүүрэн дээгүүр явах бүр ч аюултай байсан хэрэг. Хашаан дотор гарч ирээд харвал хаврын
шинж ороод,
хоёр
байшингийн дээвэр дороос мөсөн хонгорцогууд
унжсаныг жаал сонирхсоноо гадна тал нь удсанаас харласан бөөн цасыг саваагаар
хатган үзвэл дотор талдаа хөвөн мэт цагаахан үзэгдэнэ. Хаврын дулаан өдөр бөгөөд
нарны ээлт биенд минь мэдрэгдэж байлаа. Агаар цэвэр цэнгэг, амьсгаа авахад тун таатай,
болдогсон бол нөөц болгон цээжээрээ бүр дүүрэн,
гүнзгий амьсгалж авмааар.
Үнэнийг хэлэхэд би аймхай амьтан болохоор
гудамж руу гаръя гэж боддогүй байлаа. Надад хашааны хаалгаар гарангуут л ямар нэгэн
гай зовлон учирч,
шулмас
ч юм уу,
үхэшгүй
мөнх Кощей ч юмуу бариад авах, эсвэл галзуу нохой зуучих, магадгүй яндан хөөлөгч
шуудайнд хийгээд аваад явчих /намайг дандаа яндан хөөлөгчөөр айлгадаг байсан юм./,
үгүй бол үлгэрт гардаг шиг хашааны маань хаалга алга болчихоод гэрээсээ төөрчих
юм шиг санагддагсан. Тэрэн дорхноо гэртээ ойрхон, хашаан дотроо тоглосон
нь хамаагүй дээр байлаа.
Хашааны өнцөгт, хаалгыг нь онгойлгосон
пингийн хажууд манаач Илья ах нэг танихгүй ахтай мод хөрөөдөж байв.
Танихгүй ах толгой дээрээ хар хурган малгай тавьсан, цыганууд шиг гялалзсан хурц
хар нүдтэй, томоо гээчийн хар сахалтай хүн байлаа. Тэр хоёр хурдан ажилласнаас халууцаж орхиод, тос болсон
хүрэмнүүдээ тайлж хөрөөдөж унагасан моднууд дээрээ шидэж орхисон байв.
Би тэр ахаас нэг л айгаад байсан боловч
мод хөрөөдөхийг нь харах нь сонин байсан тул тэднээс холгүй байшингийн хажуудах
сандал дээр хөлөө унжуулан суугаад,
хөрөөний
ир хэрхэн модонд шигдэн орохыг сонирхон харж эхлэв. Хөрөөний хурц ир наранд гялалзан,
хөрөө амьд юм шиг л хяхтнан дуугарч, хөрөөдөгдсөн хэрчим унахдаа “пю уу” хэмээн баярлан дуу алдах
шиг. Хөрөөний дороос цацран гарах үртэснээс нарсны сайхан үнэр ханхална. Хөрөөний
нэгэн хэвийн давтагдан буй чимээ намайг бүүвэйлэх мэт санагдана. Гэтэл зүүдэн дунд
ярих шиг: “Алив жаалаа? Тэнд суугаад яах вэ? Хүрч ирээд мод хөрөөддөг шатан дэр
хэвт, толгойгий чинь хөрөөдөж орхиё?” гэх сонсогдов. Нөгөө хар ах гуай хэлсэн байжээ.
Би түүн рүү харвал хар нүдээ зальжин маягаар онийлгон, том цагаан шүдээ гарган жуумалзан
инээнэ.
“Үнэхээр энэ хүн хэлсэн юм шив” гэж би ухааран айдас төрөн зугтаж алга болох
гэсэн боловч айснаасаа болоод хөдөлж ч чадсангүй. Илья ах тэр хооронд шатан дээр
мод тавиад: “энэ хүүг амжина гайгүй.
Эхлээд энийг хөрөөдчихье” гэв. Хар ах гуай
зөвшөөрөн: “за яах вэ,
тэгэхээс”
гээд малгайгаа засаж тавиад,
томоо
гэгчийн гараараа хөрөөний
бариулаас барив. Хөрөө дахин дуугарч, хөдлөх бүрдээ модонд ир нь шигдэн орно. Би
алгуурханаар сандалаас гулсан буугаад, толгойгоо нугдайлган байрныхаа хаалга руу
гэтэв. Байшингийн үүдний шат бүр ч ойрхон болов. Харуулдаад уначих вий дээ. Гэтэл
ард чанга хөхрөлдөх сонсогдсон боловч эргэж харах зүрх надад байсангүй. Гэртээ гүйн оронгуутаа хаалгаа тас хийлгэн
хаав.
Намайг орж ирэхэд ээж гайхан:
- Яагаад
ийм хурдан эргэж ирэв?- гэж асуухад
- Би
дахиад гадаа гарч тоглохоор явж байхгүй- хэмээн би пальтогоо тайлж хаянгуутаа хэлэв.
Ээж бүр гайхан
- Яагаав?
Дуудаад байхад орж ирдэггүй мөртөө өнөөдөр ийм хурдан хүрээд ирсэн байх чинь –гэнэ.
- Илья
ах, бас нэг танихгүй ах хоёр миний толгойг тас хөрөөднө- гэсэн.
- Чи
л өөрөө сахилгагүйтээ биз. Урдуур хойгуур нь гүйгээ юу?
- Үгүй.
Зүгээр хараад сууж байтал “шатан дээр хэвт, жаал аа? Толгойгий чинь хөрөөдөе?” гээд.
- Зүгээр
л тоглоо биз.
- Юу
гэсэн үг вэ? “Тоглоно” гэсэн чинь?
- Яахав, чамайг л айлгаж тоглосон байхгүй юу.
- Хүний
толгойг хөрөөдөхөд юуны тоглоом байх вэ?
- Хачин
хүүхэд шүү. Хаанаас үнэхээр толгойгий чинь хөрөөдөх билээ.
- Тэгвэл
намайг хуурсан хэрэг
үү?
- Хуурсан
ч юм биш, зүгээр л тоглож байхгүй?
Ямар
ч гэсэн би үнэмшсэнгүй. Тэгж тоглож болно гэж үү? Тэгээд ч би айгаад гэрээсээ гарахаа
болив.
Дараа
нь ээж нэг удаа: “Хоёулаа Лиза эгчийнд чинь очих уу? Далимд нь гутал засвараар орьё,
аавын чинь шаахайг засчихсан байж магадгүй” гэлээ. Би дахиад л пальтогоо өмсч, тэр дороо л гуталчинд
оччихсон байв. Гуталчин бол чихэндээ хүрсэн ширүүн хуузтай бас л нэг аймаар хүн.
Одоо ч тийм гуталчингууд тааралдахаа больжээ. Тэрээр манай гуталуудыг засах гэж
авчихаад
хурдан засахгүй удахлаар нь өчнөөн удаа хойноос нь очихоос өөр аргагүй болно. Гуталчингийн
сахал нь хувцасны хуучин сойзыг санагдуулам бөгөөд тамхины утаанаас бүр шарлачихсан
ажээ. Эвэр ургасан гарынх нь мод шиг хатуу хуруунууд хагарч, мойнийсон агаад гарынх нь үрчлээгээр хар
хир шигдэн орсон нь яаж угаавч арилахгүй болов уу гэлтэй. Гутлын цавуу наалдсан
хамар дээр нь эвдэрхий төмөр хүрээтэй шил байхыг бүдүүн утсаар чихэндээ тогтоожээ.
Тэрээр ажлын ширээний ард савхин бүрээстэй намхан мухар сандал дээр суух бөгөөд
хажууд нь байгаа төмпөн доторх муухай үнэртэй улаан уусмалд гутлын зангууд хөвнө.
Дархны ширээнд дээр ч, шалан дээр ч, тавиур дээр ч хаа сайгүй гутлын модон хэвнүүд
хэвтэх нь янз бүрийн хэмжээнийх бөгөөд хүний хөлийг тайраад тавьчихсан юм шиг эвгүй
санагдана. Намайг ийнхүү тайрагдсан хөлнүүдийг ажиглаж байтал гуталчин ээжид: “Шаахай
чинь бэлэн болоогүй” хэзээний хэлдгээрээ: “Маргааш гэхэд заавал бэлэн болно” гэв. Дараа нь над руу толгой дохин ээжээс: “Хүү
чинь танд хэрэгтэй юм уу? Надад зарчих л даа, би сайн үнэ өгнө шүү” гэж асуувал
ээж “Үгүй, үгүй. Надад өөрт минь хэрэгтэй. ”Та энүүгээр юу хийх вэ? Өөрийг олоод
авчих. Би танд хорин рубль өгье”
Гуталчин ээжийг зөвшөөрүүлэхийг хичээн зальтайгаар нүдээ ирмэхийг
нь хараад би айхдаа ээжийнхээ хормойноос уйлан зуурав. ”Тэнэг амьтан шүү. Энэ ах
тоглож байхад” хэмээн ээж намайг тайтгаруулан :”Би чамайг яалаа гэж хүнд өгөх вэ?“
гэж аргадав. Гуталчин нүдээ арчин, сөөнгө хоолойгоор хэ хэ инээнэ. Намайг айлгасандаа
учир утгагүй инээх нь улам ч айдас төрүүлнэ. Эвгүй үнэр ханхалсан гутал засварын газраас гарсан хойноо л нэг юм миний
санаа амрав. Арай гэж Лиза эгчийнд очоод
аюулаас зайлж гарсан шиг болов. Би хөгжилтэй, сайхан Лиза эгчийнд зочлон очихдоо
тун дуртай. Тэр бол хун шиг сайхан хүзүүтэй, хүйтэнд явж байгаад ирсэн юм шиг ягаан
хацартай, гоё цэнхэр нүдтэй, яагаад ч юм дандаа илж үзмээр өтгөн хар хөмсөгтэй,
уруул нь болсон интоор жимс шиг бөгөөд дандаа инээмсэглэж байдаг хүн. Ялангуяа түүний
бараан өнгийн өтгөн буржгар үс нь надад маш сайхан санагддаг. Өмссөн плати нь дандаа
цэцэг хуартай, хурц өнгийнх байдаг учраас би платийг нь харах дуртайсан .Харин Лиза
эгч хүүхэдгүй бөгөөд ээж бид хоёрыг айлчлан очиход их дуртай, надад дандаа чихэр
өгнө.
Түүний нөхөр Витя ах гэж хүн бас бий. Тэдний гэрт олон сонин
байдгаас надад хамгийн таалагддаг нь хоёр хятад шаазан хүүхэлдэй. Хоёр хүүхэлдэйг
тавиур дээр зэрэгцүүлэн тавьсан бөгөөд толгойгоо дохин хөдөлгөдөг нь хөөрхөн. Би
тэднийд орж ирэнгүүтээ л тэр хүүхэлдэйнүүд рүү дөхөж суучихаад бие биенд нь бөхийлгөн
ёслуулах гэж духаар нь мөргөлдүүлнэ. Би хүүхэлдэйнүүдийг хараад санаандаа алс холын
хятад орныг үлгэрийн орон мэтээр төсөөлөн бодно. Чамин гоё буддын сүм, хөөрхөн жижигхэн
хулсан байшингуудын дунд урт дээлтэй хятадууд, гартаа дэвүүр барьсан хятад хүүхнүүд
намбатай алхах ба хүн зөөдөг хүмүүс тэрэгнээсээ чирэн чимээ шуугиангүй гүйлдэж,
хятадуудын унах дуртай заанууд яаралгүйхэн явна.
Надад энэ
бүгдийг Витя ах ярьж өгсөн юм. Гэхдээ тэр хятадууд бол бидэн шиг л хүмүүс гэж хэлсэн
боловч надад яагаад ч юм энэ шаазан хүүхэлдэйнүүд шиг өөдөсхөн амьтад гэж төсөөлөгдөөд байдаг юм. Бүх
л хятад орон, түүний заан, буддийн сүмүүд нь зөвхөн өхөөрдөн харвал таарах өөдөсхөн
жижигхэн юм шиг л санагддагсан. “Хүү минь чамайг их сайн хүн гэж байна лээ” гэж
ээж Лиза эгчид хэлээд “Саяхан бид чиний тухай ярьж байсан юм л даа” гэж инээнэ.
Лиза эгч бүр галзуу юм шиг хөхөрч гарав. Гэвч түүний инээх нь намайг гомдоосонгүй.
Би үнэндээ л түүнийг сайхан хүн гэж хэлсэн юм. Үүнд юу нь тийм сонин байгаа юм бол
доо.
-Чиний
ээж сайхан биш гэж үү?
-Яалаа
гэж дээ. Миний ээж ч бас сайхан.
-Тэгээд
бид хоёрын хэн нь илүү сайхан юм бэ дээ?
-Мэдэхгүй.
-За хэл
л дээ, битгий заль гаргаад бай.
Намайг тэр хоёрыг зэрэгцүүлэн ажиглаг гэж
Лиза эгч ээжтэй зэрэгцэн диван дээр суув. Би тэдний нүүрийг хичээнгүйлэн харав.
Гэвч миний ээжийг хэн нэгэн хүнтэй зүйрлэж болно гэж үү? Хэдийгээр ээж Лиза эгч
шиг тийм их гоё сайхан биш боловч цаанаа л нэг ойр дотно, энхрий билээ. “Та хоёр
хоёулаа их сайхан юм аа” гэж би эцэст нь хэлэв. Лиза эгчийн баярласан гэдэг нь жигтэйхэн.
Намайг барьж аваад л үнсэж гарах нь тэр. Би тэврэлтээс нь мултрах гэж бүх хүчээрээ
зүтгэв. Намайг ингэж үнсэхийг би ер нь тэвчиж чаддаггүй юм. Ээж минь үнсэж байгаа
бол ч өөр хэрэг. Ээжийн үнсэхэд бие тайвшран, өвчин хүртэл намждаг юм. Хэрэв толгой
өвдөж байсан бол больж орхино гээч.
Лиза эгчийн
нөхөр Витя ах бас л сайн хүн бөгөөд маш тайван, томоотой, ердөө ч Лиза эгч шиг тоглоом
шоглоом болгодоггүй, надтай яг л үеийнхээ хүнтэй ярьж байгаа юм шиг ярина. Тэр надад
дандаа тэдний цонхон доор ургадаг ховилт модоор шүгэл хийж өгдөг байлаа. Биднийг
иинхүү шүгэлээр оролдох хооронд ээж, Лиза эгч хоёр юм ярилцан, инээдээ барьж ядах
бөгөөд үе үе над руу харна. Би тэднийг үл тоомсорлоно. Шүгэл бэлэн болмогц ээж бид
хоёр явахаар босов.
-Чи юунд
хувцаслаав? хэмээн намайг пальтогоо өмсөх гэж байгааг хараад Лиза эгч асуув. Тэрээр
өтгөн сайхан хөмсгөө зангидан:
-Чи манай
хүн болох яалаа? Гэнэ.
-Аа ээж?-гэж
би сандрангуй асуув.
-Ээж чинь
харина л биз.
-Би ээжээсээ
холдохгүй.
-Яагаад
тэр билээ. Чи чинь одоо том болсон. Би чиний хувцсыг өмсгөж, хоолыг идүүлнэ.
-Үгүй, би ээжээсээ хол байж чадахгүй.
-Ээж чинь
бүтэн сайн болгонд ирэх болно. Заримдаа чи ч надтай хамт ээж дээрээ зочлон очиж
болно шүү дээ. Лиза эгч пальтогий минь аваад тээр дээр өлгөж орхив.
-Пальто
өг. гэж би орилов.
-Би ээжтэй чинь яриад тохирсон. Чи одоо
миний хүү болно. Тэрээр намайг барьж авахыг оролдоход би тийчигнэж, хөлөөрөө өшиглөж
гараараа цохиж, пальто руу нь нулимж орхив. Лиза эгч “ Ямар муухай жаал вэ? Би танайд
зочлохоо болино доо” гэв.
Хувцсаа өмсөөд
гудамд гарсан хойноо би уурлан, удаан дуугүй явж, ээжийг алдчих вий гэсэн шиг гараас
нь чанга зуурч явлаа.
-Ямар муухай
амьтан бэ?-гэж намайг уйлагнахад ээж:
-Хачин хүүхэд
шүү. Лиза гэч чинь тоглож байхад чи тэмээ шиг тургиж байх-хэмээн инээв.
-Та яагаад
намайг түүнд өгөх гэсэн юм бэ?
-Чамайг авах
гэсэн хүн алга. Чи хүний тоглоомыг ер ойлгохгүй юм.
“Ямар тоглоом
гэж ийм байдаг юм бэ?” гэж би гайхан бодлогошров. “Нэг нь толгой тас хөрөөднө гэх,
нөгөө нь худалдаж авъя гэх. Гуравдахь нь бүр авъя гээд. Гэтэл энэ бүгд зөвхөн намайг
итгүүлж айлгахын тулд шүү. Хэрэв би итгэж орхих юм бол тэнэг гэсэн үг. Тэгээд л
чамайг шоолон инээцгээх болно.”
Гэхдээ намайг
тэнэг хэмээн тооцох нь аягүй байсан учраас би хүмүүсийг үнэн ярьж байна уу, эсвэл
тоглоом хийж байна уу гэдгийг нь таахыг оролдох боллоо. Даанч тэр болгон тааж чаддаггүй
нь л харамсалтай байв.
Нэг орой
аав ажлаасаа ирэхдээ гартаа цаасанд боодолтой юм барьсан байв. Би урдаас нь баярлан
гүйж
-Юу авчраа
вэ? гэвэл аав:
-Шарсан
хадаас. Том, жижиг янз, янз- гэв.
-Ямар сайн
юм бэ? Надад томоос нь- хэмээн би уутанд гараа шургуулбал жирийн төмөр хадаас гарт
минь баригдав.
Миний гэнэнийг
шоолон цөм л инээлдэхэд, би ичиж уурласандаа шүүгээний ард нуугдчихаад гарч ирэхгүй
удаан сууж билээ. Сургуульд явдаг болохоороо өөрийгөө их ухаантайд тооцдог ах маань
надад:
-Чи чинь
илжиг л гэсэн үг юм аа. Төмөр хадаас байдгийг чи мэдэхгүй юу? Хадаасыг иддэггүй
юм- гэнэ. Энийг ч би мэдэлгүй яах вэ дээ. Харин аавыг шарсан хадаас гэхээр нь миний
мэддэггүй ямар нэг иддэг хадаас байдаг юм байх гэж бодоод л хууртаж орхихгүй юу.
Би юмыг жаахан эрэгцүүлж боддог бол аавын тоглож байгааг таачихгүй юу. Гэтэл гайтай
нь би юмыг ухаарч бодож сураагүй юмсанж.
Гэхдээ
л би нэг удаа аавын тоглоомыг тааж орхиод, их баярлан зөндөө хөхөрч билээ. Манай
хөрш орос биш герман хүн юм. Урьд дайны үеэр тэр хүн олзлогдоод манай оронд үлдсэн
юм гэнэ билээ. Манай энд таалагдсан юм байлгүй. Зарим орой тэр герман манай аавтай
энэ тэрийг хүүрнэхээр орж ирнэ. Би тэдний яриаг сонсох их дуртай. Учир нь тэр герман
зарим үгийг инээдэмтэй хазгай хэлнэ.
-Энэ том
нь маш саан хуу. Би заримдаа ирнэ, тэр дандаа ном барьж суунаа. Маш томоотоо.-хэмээн
герман хүн ахыг маань магтахад аав царайгаа төв болгон:
-Тийм ээ,
манай энэ тун томоотой- гээд- унтаж байхдаа- хэмээн эвтэйхэн нэмнэ. Бүхэл өдөр гадаа
гудамжинд найзуудтайгаа хөл бөмбөг хөөгөөд, зөвхөн орой болсон хойно л хичээлээ
барьдаг ах өөрийгөө магтаж байгааг сонсоод цацагт хяруул мэт онгирно. Дуулгаваргүй
гэж ахыг дандаа зэмлэдэг мөртөө аав яагаад гэнэт түүнийг магтаж байгааг би ойлгож
ядан байв. Ээж ч гэсэн түүнийг дүрсгүйтлээ гээд л загнадаг шүү дээ . Яагаад заавал
“унтаж байхдаа томоотой” гэсэн юм бол? Би ахыг унтаж байгаагаар төсөөлөн бодлоо.
Тэр орон дээрээ хэвтэн тайван хурхирна. Нээрээ ч томоотой байх юм. Унтаж байхдаа
хэн яаж дүрсгүйтэх билээ? Томоотой л байх шүү дээ. Магадгүй аав ахыг зөвхөн унтаж
байхдаа томоотой, түүнээс биш томоогүй гэх гэсэн юм байлгүй. Аавын үгний далд утгыг
надаас хожуу ойлгосон герман хүн аяархан инээж эхлэв. Түүнийг инээхээр би байдаг
чадлаараа хөхөрч гарав. Би аавын тоглоомыг ойлгосондоо их л баяртай байлаа. Байн
байн аавын хэлсэн үг санаанд орон, би инээд алдчихаад болохгүй байв.
Герман хүнийг
явмагц ах намайг гал тогооны өрөөнд оруулаад, бусдад сонсгохүйн тулд аяархнаар
“Чи таван салаа боов авах уу?” гэхэд би тэр үед “таван салаа боов” гэж юу болохыг
мэддэггүй байсан боловч мэддэг дүр үзүүлэн: “Аятайхан юм бол авъя” гэж орхив. Тэгээд
“таван салаа боов”-ыг нь авмагцаа арай л годройтон ойчсонгүй. “Дахиад шоолох юм
бол сайхан мэдээрэй” хэмээн ах сүрдүүлэв. Иинхүү би дахиад л ухаан муутайгаасаа
ургагшгүйтэв. Гэвч энэ нь миний баяр хөөрийг дарсангүй. Ямар ч л гэсэн энэ өдөр
би нэг тоглоомыг тааж чадсан. Энэ бол миний хувьд том ялалт байлаа. Тэр үеэс эхлэн
би өөртөө итгэлтэй болж, урьд нь мөн тэнэг байж дээ хэмээн бодогдох болов. Би шууд
л ухаантай болоогүй нь мэдээж. Миний гэнэн цагааныг ашиглаж дандаа л тоглоом хийцгээдэгсэн.
Таних, танихгүй хүмүүс, төрөл садан, тэр байтугай аав ах хоёр маань хүртэл намайг
дамшиглана. Нэг үгээр хэлэхэд миний ганц дотны нүн хайрт ээжээс минь бусад нь.
Энэ бүхэн дээр үед болсон хэрэг. Одоо цаг өөр
болж, хүмүүс сайн санаатай, халамжтай, элэгсэг, бие биедээ, ялангуяа хүүхдэд анхааралтай
ханддаг болоод тэгж хүүхдээр тэгж тоглоом хийхээ больжээ. Одоо хэний ч толгойд хүүхдийг
айлгах, хуурч “таван салаа боов” өгөх бодол орж ирэхгүй. Тийм ээ, тэр цагаас хойш
олон юм өөр болж. Нээрээ гайхалтай сайхан цаг иржээ.
Орчуулсан С.Хөвсгөл
17.7.78.Улаанбаатар
No comments:
Post a Comment