Thursday, January 18, 2018

Ч.Лодойдамбын жүжгийн зохиолын үзэл санаа ба
үнэт зүйлсийн өөрчлөлт
С.Хөвсгөл /МУБИС/
100 жилийн ойн хурлын илтгэл. 2017-11-10. Туушин зочид буудал.

Ч.Лодойдамба бол шинэ үеийн монголын жүжгийн зохиолын нэгэн нэртэй төлөөлөгч бөгөөд түүний хэд хэдэн жүжиг байдгаас “Итгэж болно”, “Гарын таван хуруу” хэмээх 2 жүжиг нь дэвшүүлсэн асуудал, үзэл санаагаараа өнөөдөр ХХI зуунд ч цаг үеийн шинжтэй байж чадсан, бүтээсэн дүр, оновчтой хэл хэллэгээрээ хүмүүсийн дунд мөнхөрсөн жүжгүүд юм. Жамц даргын  “уул шугамандаа” гэдэг хэллэг, “таван хуруу” жүжгийн Идэр хүүгийн хэлсэн “Тийм их мөнгө улсын банкинд л байдаг байх” зэрэг хэллэгүүд бидний дунд амьдарсаар л байгаа билээ.
Би энд түүний хамгийн алдартай “Итгэж болно”, “Гарын таван хуруу хэмээх 2 жүжиг дээр тогтож ярихыг хүсэж байна. Уран зохиолын бүтээлийн үзэл санаа нь зохиолчийн гаргасан байдлаараа тогтмол байх боловч түүнийг тайлбарлах хэлбэр нь тухайн цаг үеийн байдлаас болж өөр өөр байдаг байна. 20-р зууны манай түүхийн явцад гурван өөр нийгмийн байгууллыг: феодализм- социализм- капитализм дамжин өнгөрсөн байна. Иймээс аливаа зохиол бүтээлийг тайлбарлах нь янз бүр байна. Уран зохиолын хөгжлийн түүхэнд аль нэг зохиолын санааг урсгал чиглэл бүр өөрийнхөөрөө тайлбарлан үздэг. Уран зохиолын үүргийн хувьд классицист, реалист урсгалууд нь уран зохиолын хүмүүжүүлэх үүргийг өндөр тавьж үздэг. Харин романтик болон модернист чиглэлүүд нь уран зохиол, урлагийн үндсэн үүрэг нь таашаал төрүүлэх- гедонист үүрэг гэж үздэг.
“Итгэж болно” жүжиг нь аль ч цаг үед анхаарал татсан асуудал байсан эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудлыг хөндсөн байдаг. Бүр эртний Грекийн уран зохиолын нэгэн томоохон төлөөлөгч Аристофаны “Лисистрата” жүжигт л эмэгтэйчүүд нийгмийн асуудалд толгой мэдэн оролцож, олон жилийн дайныг зогсоон, энх тайван тогтоосон тухай өгүүлдэг. Энд ганц энх тайван тогтоох биш ерөөсөө эмэгтэй хүн эрчүүдтэй адил нийгмийн асуудлыг шийдэж чадна гэдгийг харуулсан байдаг. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай асуудал нь агуу их Францын хувьсгалын үед шинээр сэргэж, жинхэнэ утгаараа хөгжсөн түүхтэй. Гэхдээ эмэгтэй хүний байгалийн онцлогоос шалтгаалан тэр бүр эрэгтэй хүмүүстэй адил тэнцүү хөдөлмөрлөх боломж байдаггүй. Эмэгтэй хүн хүүхэд төрүлж удаан хугацаагаар хүүхдээ асран, нийгмийн ажил үүргээс холддог. Энэ талаас нь авч үзвэл ямар ч дарга, захирлын хувьд эмэгтэй хүнийг ажиллуулах нь тодорхой эрсдэл, хохирлыг дагуулдаг нь мэдээж. Энэхүү эмзэг нарийн асуудлыг “Итгэж болно” жүжигт хөндөн, улмаар Дуламсүрэн өөрийн эрхийг хамгаалахын тулд хуучинсаг /???/ үзэлтэй Жамц даргыг мэхлэн, зүсээ хувиргасан тухай инээдэмт дүрслэлийг ашиглажээ.
Тэр үеийн нийгмийн байр сууринаас авч үзвэл Жамц дарга нь феодалын хоцрогдсон үзлийг баримталж, эмэгтэйчүүдийг ажилд авч эрсдэл гаргахаас дургүйцдэг хүн. Тэгээд ч сүүлдээ үзэл бодлын хувьд ялагдан шинэчлэгдэж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ бол Жамцын буруу гэхийн аргагүй. Тэрээр “Үндсэн мэргэжлийн ажилд эмэгтэй хүн авахгүй гэж тангараглая, уул шугамандаа энэ” /түүвэр зохиол. Уб., 77. Тал 599/ гэдэг. Орлогч дарга Дорж нь “Түргэн зуур сольчихож болохгүй орон тоонд эмэгтэй хүн хэрхэвч авахгүй шүү, дарга минь” /түүвэр зохиол. Уб., 77. Тал 599/ гэнэ. Тэдний энэ ам тангараг хийхийн шалтгаан нь эмэгтэй ажилтан нь хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах, хүнтэй суух шалтгаанаар байнга чөлөө авч, яг ид ажлын үеэр явдаг. Тэрчлэн санхүүгийн тодорхой алдагдал хүлээдэг явдал: “Ялангуяа 90 хоногийн цалин хий төлнө гэдэг үү? Манай нэгдэл баян ч гэсэн мөнгө хүссэнээр гардаг шидтэй авдар байхгүй” /Түүвэр зохиол. Уб., 77. Тал 599/ гэдэг. Социализмын үед жирэмсэн эмэгтэй төрөхөөс өмнө 45 хоног, төрсний дараа 56 хоногийн цалингаа нөхөж авдаг байсан. Жүжгийн эхний үзэгдэл нь оршил маягтай бөгөөд энд Жамц Дорж хоёрын яагаад эмэгтэй хүн ажилд авах дургүйг харуулсан 3 жижиг үзэгдэл яваад зарлагч эрэгтэй нь: 
Гэхдээ тус жүжигт Жамц даргын үзлийг яландуулахын тулд Дуламсүрэн “үхтлээ” ажиллаж байгааг харуулсан:
-          Эм мал бүхнээс төл авна гэж ажил зохиодог.
-          Шуурганаар адууны суурьт ажиллахаар явдаг.
Энэхүү жүжгийн зохиомж нь өвөрмөц бөгөөд жүжгийн үйл явдлыг ерөнхийд нь хөтөлж, холбодог Эрэгтэй эмэгтэй 2 “яригч” бий.
 “Итгэж болно” (1962) байгууллагын явцуу эрх ашгийг хамгаалагч даргыг шүүмжилсэн. Гэхдээ нэгдлийн дарга Жамц бол зарим нэгэн дутагдалтай болохоос ажил сайтай хүнлэг сэтгэлтэй сайн дарга байдаг нь жүжгийг зөвхөн хошин аястай болгосон. Жамц дарга байгууллагын эрх ашгийн үүднээс эмэгтэй хүнийг ажилд авах дургүй тул хүүгийнх нь сэтгэлтэй бүсгүй зоотехникч Дуламсүрэн эрэгтэй хүн болж зүсээ хувирган ирдэг. Дуламсүрэн өөрөө инээдтэй биш, тухайн байдал нь инээдтэй учир байдлын инээдэмт жүжиг юм.
Дуламсүрэн өөрийн нууцыг алдахгүйн тулд олон шалгалт сорилтыг уран ухаан заль мэхээр давах болдог. Түүний нэр, жижиг давжаа бие нь хүртэл илчлэх аюултай байдаг. Жүжгийн үйл явдлын оргил хэсэг нь Дуламсүрэнг Дулмаатай суулгах гэж буй явдал. Дулмаа ч Дуламсүрэнг таашаан өөрийн сэтгэлт залуу Идэрийгээ үл тоомсорлож буй нь тоглоом нь шоглоом болох аюултайг гол баатарт ойлгуулж Дулмаа Идэр нарт нууцаа илчлэхэд хүргэдэг. Ингэснээрээ Дуламсүрэн ганцаараа биш хань хамсаатантай болно.
Жүжгийн нөгөө нэг баатар Жамц дарга бол улсын ажлыг сайн биелүүлдэг тэргүүний хүн боловч явцуу үзэлтэй. Хүний хүчин зүйлийг дутуу үнэлж, энэрэнгүй ёсыг үл тоомсорлон эмэгтэй хүнийг ажлын саад үрлэг зарлагын эх булаг гэж үздэг. Түүний энэ явцуу үзлээс болж Дуламсүрэн бусдыг мэхлэхэд хүрдэг. Гэхдээ уг жүжигт Дуламсүрэн хүмүүсийг мэхэлсэн нь жигшүүртэй хэрэг гэхээсээ өнөө үеийн залуусын сэргэлэн цовоо авхаалж самбаатай байдлыг илэрхийлж байгаа юм. Доктор С.Лувсанвандан: “...зоотехникч Дуламсүрэн эрэгтэй хүний дүрд хувилж байгаа нь нэг талаас болзолт, нөгөө талаас бэлэгдэлт шинжтэй юм. Болзолт шинж нь нэгдлийн удирдлага төдийгүй нийтээрээ бүстэй, бүсгүй хүнийг ялгаж танихгүй байгаа явдал. Бэлэгдэлт шинж нь Дуламсүрэн эр хүнээс гадаад төрхөөр биш, чадал бололцоогоороо адил гэдгийг хөдөлмөр бүтээлээр нотолж буй явдал юм(Түүвэр зохиол. Уб., 77. Тал 21) хэмээн дүгнэсэн байдаг.
Жамц дарга өөрийгөө туйлын хашир, хүнд араараа тавиулчихгүй хүн гэж үздэг. Гэтэл тийм биш орлогч нь хүртэл тааварлаад хэлээд байхад ер ажиг сэжиггүй харин ч өөрийнхөөрөө зүтгэн Доржийг буруутгадаг. Энд түүнийг дураараа зүтгэдэг зантай болохыг нь тодруулан харуулсан. Жамц даргын хоцрогдсон явцуу үзлийг залуу зоотехникч эмэгтэй Дуламсүрэн няцааж “Хэрэв зоотехникч Дуламсүрэн эмэгтэй хүн бол би уул шугамандаа тийм эмэгтэйчүүдээр нэгдлийнхээ бүх эрэгтэйчүүдийг солихоос буцахгүй(Түүвэр зохиол. Уб., 77. Тал 625) гэж хэлэхэд хүргэдэг.”
Ийн Жамцын явцуу үзэл нь бүр Дуламсүрэнг эмэгтэй гэдгийг мэдэхээс ч өмнө ялагдсан байдаг. Зохиолын инээдэмт байдлыг хурцатгаж байгаа дүр бол нэгдлийн орлогч дарга Доржийн дүр юм.  Дорж хамгийн түрүүн Дуламсүрэнг эмэгтэй хүн гэдгийг мэдээд Жамцад хэлээд байхад нь тэр үнэмшдэггүй. Дорж ч өөрийн гэсэн бодолгүй, даргынхаа үгийг дагамтгай тул өөрийн нүдээр харсандаа эргэлздэг.
Мөн Жамцын эхнэр Долгорын дүр инээдтэй. Долгор авгай Дуламсүрэнгээс хүү Төмөрийгөө сураглаж буй үзэгдэл. Жамц даргын төрсөн өдөр гэж Дулмаа, Дуламсүрэн хоёрыг урьчихаад эмэгтэй хүний аманцар уймраа зангаар мартан нууцаа алдаж буй хэсгүүдэд илэрдэг.
«Гарын таван хуруу» жүжигт нь мөн л ямар ч цаг үеийн чухал асуудал болох гэр бүл салах, түүнээс болж, гол нь хүүхэд өнчрөх асуудлыг тусгасан. Эртний Грекийн сэтгэл зүйн эмгэнэлт жүжгийн алдартай төлөөлөгч Еврипидийн “Медея” жүжигт Язон 2 хүүхэдтэй эхнэр Медеягаа орхин, Коринф хааны охинтой суухаар болж буй тухай өгүүлдэг. Энэ асуудлыг бас л цаг үе бүхэнд тухайн нийгмийн байгууллаас хамааран янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ социализмын үед бол салалтыг хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд гэр бүл салсан тохиолдолд аль буруутай хүний, ялангуяа эрэгтэйгийнх нь нэр төр их унадаг байсан нь үнэн юм. Ялангуяа МАХН-ын гишүүн хүн хүн гэр бүл салахад хүрвэл, намын батлахаа байтугай, ажил амьдралаа алдан, хөдөө танихгүй газар явдаг байсан байна. “Хотын намын хороо байхад энэ муу хаачих вэ?” хэмээн нөхрөө далайлган, сэтгэлтэй нь биш, биетэй нь амьдардаг эмэгтэйчүүд ч цөөнгүй байсан гэдэг.
Тэр үед гэр бүлийн төлөвлөлт байхгүй, аборт зөвшөөрдөггүй байсантай холбоотой айл бүр шахам олон хүүхэдтэй байснаас 5 хүүхэдтэй бол тийм ч олон хүүхэд биш гэдэг бөгөөд тавдах хүүхдийг одонгийн хүүхэд гэдэг ч байжээ. Тийм олон хүүхэдтэй гэр бүлд сургууль, цэцэрлэг одооныхоос ч их хэмжээгээр хүрэлцэхгүй байсан нь тодорхой. Ээж аав нь ажлаа хийж, айл бүрийн том нь дүү нараа “харах”, “өсгөх” үүргийг гэр бүлийнхээ өмнө, нийгмийн өмнө албан бусаар “хүлээдэг” байсан юм. ингээд бодохоор одоогийн ярьдаг “хүүхдийн хөдөлмөрийг завших” явдал тэр үед байсан л хэрэг. Олон хүүхэд гаргах нь нэг талаар хүүхдийн тэтгэмж авч амьдралдаа нэмэр болгодог сайн талтай байсан. Одоо ч хүүхдийн мөнгөөр амьдардаг айл олон л байдаг нь нууц биш юм.
«Гарын таван хуруу» жүжигт бүгд Шагдарыг буруутгадаг. Тэрээр гэр бүлээ орхин, 5 хүүхдээ өнчрүүлсэн гэм нүгэлтэй нь үнэн. Гэхдээ хүний эрхийн талаас бодоход Шагдар бас амьдрах эрхтэй. Энэ талаар тус жүжгийн 2-р үзэгдэлд гарна. Шагдар Хорлоо 2-ын яриа гарах бөгөөд төгсгөлд нь Шагдар монгол ардын “Аргагүй амраг” гэдэг дууг аялж буй /тал 629-630/ нь тус дүрийн санааг илэрхийлнэ. Европын уран зохиолд бол хайр сэтгэлийг нэгд тавьдаг үзэл санаа давамгайлдаг. Харин Дорны уран зохиолд нийгмийн үүргийг нэгд тавьдаг онцлог ажиглагддаг. Тооцоогоор юмуу, эцэг эхийн зааснаар гэр бүл болох ёс нь өнөөгийн шинэ зуунд ч байсаар байдаг үзэгдэл юм.
Энэ жүжгийн “Хүн чанар” хэмээх дүр нь бэлэгдлийн шинжтэй бөгөөд Шагдарын дүрийн хоёрдогч /двойник/ юм. түүний дотоод сэтгэлийн тэмцлийг харуулсан. Тэрээр ухаантай хүн болохоороо мэдээж сэтгэл дотроо шаналж л байгаа. Үүнийг илэрхийлснээс гадна энэ дүр нь тус жүжгийн үйл явдлуудыг холбон зохиомжилдог.
«Гарын таван хуруу» (1966) жүжигт гэр бүлийн асуудлыг хөнджээ. Хайр сэтгэлийнхээ эрхшээлд эвтан таван хүүхдээ өнчрүүлсэн Шагдарыг төрсөн хүүхдүүд нь эцгээ гэж үзэхээ больсноор ялласан гол драматизм юм. Төрсөн үрс нь эцгээ гэж үзэхгүй болохоос илүү шийтгэл хүний хувьд байхгүй нь илэрхий. Хүнд өвчнөөр эх нь нас барсаны дараа том охин Сүрэн нь ажилд орон дүү нараа тэжээх болжээ. Ийнхүү Сүрэн тэднийгээ өлсөх даарахын зовлон үзүүлэхгүйн зэрэгцээ хүнлэг сэтгэлтэй, ажилсаг, шударга хүмүүс болгон өсгөснөөр дүрсэлсэн нь жүжгийг гүнзгий агуулгатай болгожээ. Жүжгийн гол үйл явдал нь өнчин таван хүүхэд амьдралын төлөө тэмцэлд хэрхэн ялж гарсан тухай. Сүрэн амьдралын хэцүүг үзэж хатуу сэтгэлтэй болсон нь түүний буруу биш, өнчрүүлэн хаяж явсан Шагдар мэт хүмүүсийн буруу гээд зохиолч юуны өмнө үр хүүхдээ өнчрүүлсэн гэр бүл салж сарнихыг шүүмжилсэн нь жүжгийн үзэл санаа юм. Жүжгийн үзэгдлүүдийн завсраар «Хүн чанар» гэдэг дүр гарч Шагдартай ярилцаж буйгаар зохиомжилсон нь сонирхолтойгоос гадна олон саланги хэсгүүдийг нэгтгэж өгчээ. Ингэж хүн чанар Шагдарыг буруушаан зэмлэж буй нь жүжгийн лейтмотив юм. Должингоос салснаа Шагдар «Бид хоёрын драм дууссан» гэхэд хүн чанар «Таван хүүхдийн драм эхэлсэн, драмаар өнгөрсөн нь сайн. Иймэрхүү юмнаас болон олон хүүхлийн амьдралд эмгэнэлт учрал тохиолдохыг алийг тэр гэх вэ?» (түүвэр зохиол. Уб., 77. Тал 633) гэж хэлдэг нь жүжгийн санааг хурцатгаж өгчээ. Жүжигт гол баатар Сүрэнгийн сэтгэл зүйг нилээн нарийн нээж харуулжээ. Эхийг нь нас барсны дараахан Шагдар шинэ эхнэр Хорлоогийн хмт ирж хоёр дүүгий чинь өсгөж өгье гэхэд Сүрэн «...таван хуруунаас хоёрыг нь огтлох нь уу? Манайд худалдах юм байхгүй» гэх мэтээр их л хатуу үг хэлсэн боловч гармагц нь «хэнгэнэтэл уйлна». Тэгвэл «Би арай ширүүлэв үү дээ? Бидний төрсөн эцэг шүү дээ» (түүвэр зохиол. Уб., 77. Тал 635) гэсэн нь түүний сэтгэлийн зөрчлийг илтгэдэг. Хүн чанар Шагдарт Сүрэнгийн тухай «Итгэлийг нь шавартай хутгаж хаяснаас болж этгээд зожиг амьтан болох шахсан” (түүвэр зохиол. Уб., 77. Тал 635) гэнэ. Сүрэнгийн хүнд итгэхгүй болсон нь Чулуунтай харьцаж буйгаас илэрдэг. «Ийм залуу хүн байж хүнд итгэхгүй» гэж Чулууныг зэмлэхэд Сүрэн «Хамгийн дотно хүндээ хууртсан хүн ийм байдаг юм» (түүвэр зохиол. Уб., 77. Тал 657) гэх бөгөөд түүний энэ хатуу болсон сэтгэлийг Чулууны хайр зөөлрүүлдэг. «Би нэг үе инээж байгаа хүнийг харах дээрээ юу бодож байгаа бол. Шагдар ингэж инээж байсан шүү гэж боддог байсан. Гэвч хорвоо гэдэг чинь сайхан юм даа» (түүвэр зохиол. Уб., 77. Тал 659) гэж жүжгийн төгсгөлийн үзэгдэлд хэлдэг. Хүүхдүүдийн амьдрал хүнд хэцүү байсан ч боловч өөрсдийн чармайлтаар, сайн хүмүүсийн ачаар бэрхшээлийг даван туулж чадсаны жүжигт бодитой дүрслэн харуулсан. Хагалуулсан цонхныхоо үнийг нэхэж эцсийн зургаан төгрөгийг нь аваад явчихдаг авгайгаар муу хүмүүс бас зөндөө тохиолдсоныг дүрсэлжээ. Хэдий хаяж өнчрүүлсэн боловч төрсөн эцгээ эцэг гэж үзэхгүй байгаа нь хүнлэг ёсноос гадуур болсноос гадна хайр сэтгэлийн тухай асуудлыг хэт өрөөсгөл шийдсэн. «Нүгэл чиг нүглээс айсангүй нүдний чинь хөөрхөнд аргагүй даслаа» гэж дуулдаг монгол хүний хүнлэг байр суурьнаас биш, зөвхөн нийгмийн байр суурьнаас шийдсэн.
“Эрдэнийн Дорж” /Ц.Зандраагийн хамт. 1949/ жүжгийн Дорж бол хөдөөгийн нэг сүү тосны заводад ажилладаг шинийг санаачлагч шинэ үеийн тэргүүний ажилчин хүн. Тэрчлэн удирдлагын буруу зарчмыг шүүмжилдэг шударга залуу бөгөөд хуучныг баримтлагч мастер Дэмчиг мэтийн хүмүүст өөрийн санал зөв байсныг ажил дээр батлан цохилт өгч байна. Үүний зэрэгцээ Бадам эмч, Цэрмаа багш, оюутан Батаа, Дондог нарын тэргүүний сэхээтнүүдийн дүрийг гаргасан. Доржийн дүр нь “шинийг санаачлагч тэргүүний ажилчны загвар дүр”-ийн эхийг тавьсан гэж болно. Ямар ч боловсролгүй хүн ер бусын “үлгэрийн юм шиг” төлөвлөгөө зохиох, түүнээ төдийлөн зоволгүй хэрэгжүүлэх нь манай урлаг утга зохиолд элбэг байдаг загвар юм.
“Өөрийн замаар” /Д.Сэнгээгийн хамт. 1954/ жүжигтээ хөдөөгийн малчдын амьдралыг дүрслэхийн зэрэгцээ ажилчин анги бүрэлдэж эхлэх үеийн үйл явдлыг харуулдаг. Уурхайчин Доржийн эхнэр Гэрэл бол чинээлэг малчин Хүрэлчулууны ганц охин бөгөөд хөрөнгөнийх нь эзэн. Иймээс Хүрэлчулуун охин, хүргэн хоёроо хөдөө гарч малаа маллаасай гэж боддог. Гэтэл Дорж ажилдаа үнэн голоосоо дуртай, яавч хувийн өмчтөн болохгүй гэдэг. Эндээс жүжгийн зөрчил үүснэ. Жүжигт нэгдэл байгуулагдаж байгаа үе дүрслэгдсэн бөгөөд Хүрэлчулууны зарц Шагдар өвгөн хөдөлмөрөө мөлжүүлж байснаа ойлгож, нэгдлийн ач тусыг мэдрэн элсч байгаа нь жүжгийн нэг гол санаа юм. Шагдарын дүр Доржийн дүрээс илүү амьд болсон. Энд уурхайчин Дорж тэргүүний ажилчны загвар болсноос гадна гэр бүл үймүүлдэг панзчин, баян хадам зэрэг загварууд давтагдсан.
“Ёс ёмбогор, төр төмбөгөр” (1968) жүжигт нэг талаас элчин сайдыг ёс журмын дагуу угтах гэсэн сэтгэлийн үүднээс мэдэхгүй чадахгүй хөглөж буйг, нөгөө талаас багаагаасаа илүү харагдах гэсэн нэрэлхүү занг шүүмжилсэн. Иймээс ч төрлийн хувьд ахуй байдлын инээдэмт жүжиг “Комедия нравов” юм. Гол үйл явдал нь элчин сайдыг ирнэ гэдгийг сонсоод нэгэн мал бригадынхан  “Ёс ёмбогор, төр төмбөгөр” хэмээн ёс төртэй угтах гэж хөглөж буй явдал.
Гадаад явдлын яаманд ажилладаг хүү дээрээ очиж байсан Жамц өвгөн ёс мэддэг хүн болж элчин сайдыг угтах бэлтгэл хийлгэж буй бөгөөд юм болгоныг сайн мэдэхгүйгээсээ гажууд болгож буй нь инээдэмтэй. Коктелийг гогдол гэж нэрлэн архи айраг тараг гурвыг хольж хутгахыг зөвлөнө. Зааврын дагуу хутгасан хүн “Яана аа, энэ чинь уухын аргагүй юм боллоо” гэхэд Жамц өвгөн амсаж үзээд “Ай даа яг л ийм байдаг л юм(түүвэр зохиол. Уб., 77. Тал 593) гэдэг нь инээдийг бүр туйлд нь хүргэнэ. Энэ мэтээр өөрийн үндэсний зан заншлыг огоорон, сайн мэдэхгүй байж бусдын заншлыг дууриаснаас инээдэмтэй байдалд орцгоож байв. Хэрэв үнэхээр элчин сайд ирсэн бол бүр шившиг болох байсан. Гэвч азаар  тийм биш, элчин сайд гэж андуурсан. Харин Жамц өвгөний хүү гадаадад элчин сайдаар суух болчихоод явахын өмнө нутагтаа ирэх гэж цахилгаан өгсөн байдаг.
Энэ жүжиг бол мөн хошин аястай, тэр мал бригадынхан жаахан хөгтэйгээс бус сайн ажилтай тэргүүний бригад, ялангуяа дарга нь залуу мөртөө их мэрийлттэй бусдынхаа хүндэтгэлийг хүлээсэн хүн гэж дүрслэгдсэн. Жамц өвгөн хөгтэйн зэрэгцээ их хэрсүү хүний дүр болсон. Тэрээр хэдий учрыг нь сайн олоогүй боловч бас их гярхай ажиглан гол гол юмыг нь мэдчихсэн байдаг нь настай хүний хэрсүү ухааныг илтгэдэг. Жишээ нь: зочныг эхнэр нөхөр хоёулаа угтдаг, коктельд өөр өөр юм хольдог гэх мэт. Бригадын дарга Идэр “Ууц боодог хэрэггүй. 1-рт зочин идэж чадахгүй 2-рт зарлал дэндүү ихтэй, одоо үеийн боловсон ёсоор угтаж авна(түүвэр зохиол. Уб., 77. Тал 583.) гэж шийдсэнээс хамаг хэрэг үүсдэг.
Жамц гуайг зааварлаж байхад Бадрах өвгөн хажуугаас нь “манай Жамц ч төрийн ёслолыг аргагүй л мэдэж байна шүү(түүвэр зохиол. Уб., 77. Тал 589) гэж байгаа нь бодит байдлаасаа нийцээгүй учраас инээдтэй. Урьд ноёны тогооч байсан Жамбаа өвгөн чих хатуугаас цуг яваа хүнтэйгээ ярьж байгаа хэсэг нь их сайхан дүрслэгдсэн гэх мэтээр энэ жүжиг үнэхээр инээдээр халгисан жүжиг болсон юм. Нэг залуу гүйж ирээд “төлөгнүүдийг замаас зайлуулаад Төмөрийн суурийн тарган хонинуудыг хөөж ирээд замын дагуу бэлчээсэн шүү. Хоньчдод нь  шинэ торгон дээлийг нь өмсүүлсэн” (түүвэр зохиол. Уб., 77. Тал 595) гэж буй нь жүжгийн гол санаа болох, байгаагаараа байхын оронд худал дүр үзүүлэхийг шүүмжилсэн санааг тодруулдаг. Гэтэл бригадын дарга Сүрэн цамцныхаа сүүлийг тасдаж аваад уурлан “хагас л болж байг” гээд, “Бусдыгаа л хичээхийг бодъё. Сүүлгүй хувцастай даргатай бригад ёс алдсан бол болог. Ер нь тэгээд мэдэхгүй ёсонд болж балрах ч юун магад. Юу ч гэсэн хуурамч алтнаас ёстой гууль нь дээр. Байгаагаа үзүүлэхэд яадаг юм бэ?(түүвэр зохиол. Уб., 77. Тал 595) гэж хэлж буй нь жүжгийн гол санааг илчлэнэ.

Дүгнэлт.
-          “Итгэж болно” жүжигт эмэгтэйчүүдийг ажилд авахаас халширдаг Жамц даргыг шүүмжлэн, түүний үзэл санааг ялагдалд оруулсан жүжиг билээ. Гэхдээ энэхүү жүжгийг нөгөө талаас харахад бас ч Жамц даргын “зөв” байдаг. Энэ талаас зарим санаагаа илэрхийллээ. Жүжгийн эхний үзэгдэлд Зарлагч эрэгтэй эмэгтэй хоёр Жамц даргын шалтгааныг харуулахын тулд 3 жижиг дүрслэл харуулсны дараа нэг нь “Ингээд л...” хэмээн хэлдэг нь түлхүүр санаа юмуу гэж бодлоо.
-          “Таван хуруу” жүжигт 5 хүүхэдтэй гэр бүлээ орхин өнчрүүлсэн Шагдарыг буруушаан, 5 хүүхдийн эрхийг хамгаалсан санааг илэрхийлсэн. Энэ нь ч зүйтэй. Гэхдээ энэ жүжгийн дэвшүүлсэн санаанаас өлгөн, өнөөгийн нийгэмд гарч буй үзэгдлүүдтэй холбон зарим санаагаа хэлсэн юм. 2-р үзэгдэлд Шагдар Хорлоо хоёрын ярьж байгаа хэсэг нь мөн тухайн асуудлын нөгөө талыг илэрхийлж байгаа түлхүүр санаа гэж үзэж байна.

Ном зүй.
1.      Ч.Лодойдамба. Түүвэр зохиол. Уб.,1977. Эрдэнийн Дорж. Өөрийн замаар. Нэг ангийнхан. Хуйвалдлага. Ёс ёмбогор, төр төмбөгөр. Итгэж болно. Гарын таван хуруу.
2.      Ñ.Õºâñãºë. “Ìîíãîëûí æ¿æãèéí çîõèîëûí òºðºë ç¿éëèéí àñóóäëóóä”. ÓÁ., 1995.
3.      С.Лувсанвандан. Зохиолч Ч.Лодойдамбын уран чадварын асуудалд. - Ч.Лодойдамба. Түүвэр зохиол. Уб.,1977 номын оршил өгүүлэл. Тал 5-24.
4.      Л.К.Герасимович. Литература МНР. (1921-1964). М.,1954. Стр 275.
5.      Ч.Лодойдамба. Түүвэр зохиол. Уб.,1977

No comments:

Post a Comment